Бидний тухай

Бидний тухай

Чанар, аюулгүй байдлыг эрхэмлэсэн үйлдвэрлэл

Эрдмийт ХХК нь мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, савлагаа, хадгалалт, нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний үйлдвэр юм. Бид хэрэглэгчдэд гарал үүсэл тодорхой, эрүүл ахуйн шаардлага хангасан, хяналттай бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлэхийг зорьдог. Манай үйлдвэр нь дотоодын зах зээл экспорт болон байгууллагын хэрэгцээнд зориулан үхэр, хонь, ямаа, адууны мах болон дайвар бүтээгдэхүүнийг стандартын дагуу ангилан бэлтгэж, хөргөлттэй хяналттай нөхцөлд хадгалан нийлүүлдэг.

  • 100% Органик мах
Hamt Olon

“ЭРДМИЙТ” ХХК-ИЙН ТАНИЛЦУУЛГА

“Эрдмийт” ХХК (Erdmeat LLC) нь Монгол Улсын Орхон аймгийн Эрдэнэт хотод байрлах мах боловсруулах үйлдвэр бөгөөд Монгол малын махыг стандартын шаардлагад нийцүүлэн боловсруулж, дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний үйлдвэрлэгч компани юм.

Тус үйлдвэрийн суурь нь Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийг мах, махан бүтээгдэхүүнээр хангах зорилгоор 1997 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт байгуулагдсан мах боловсруулах үйлдвэрээс эхлэлтэй. Манай компани уг үйлдвэрийг 2011 онд дуудлага худалдаагаар худалдан авч, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг шинэчлэн өргөтгөж, анхны хүчин чадлыг 10–15 дахин нэмэгдүүлэн өнөөдөр “Эрдмийт” ХХК нэртэйгээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

Орхон аймаг нь Монгол Улсын төвийн бүсэд байрлах дэд бүтэц сайтай, авто болон төмөр замын сүлжээ хөгжсөн хот бөгөөд үйлдвэрлэл, логистикийн хувьд таатай байршилтай. Манай үйлдвэр нь Булган, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл зэрэг аймгуудаас бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг бүс нутгийн малчдаас түүхий эдээ бэлтгэн ажилладаг.

Монгол мал нь байгалийн бэлчээрт бойжиж, цэвэр өвс ургамлаар тэжээгддэг онцлогтой бөгөөд энэ нь махны амт чанар, шим тэжээлийн давуу талыг бүрдүүлдэг. Манай компани нь мал бэлтгэлийн үе шатнаас эхлэн гарал үүсэл, эрүүл мэндийн хяналтыг хангаж, өвчлөлгүй тайван бүс нутгаас малыг бэлтгүүлж, тарга хүчийг нэмэгдүүлэх, оторлон тууварлах замаар түүхий эдийн чанар, аюулгүй байдалд онцгой анхааран ажилладаг.

Бэлтгэсэн малыг үйлдвэрт хүлээн авч мал эмнэлгийн үзлэг, шинжилгээнд хамруулсны дараа стандартын дагуу төхөөрч, махыг ангилан боловсруулж, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ангилсан болон хагас боловсруулсан махан бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг.

Чанарын хяналт, лаборатори

Манай үйлдвэр нь мах, махан бүтээгдэхүүний хими болон микробиологийн шинжилгээ хийх стандартын шаардлага хангасан иж бүрэн тоноглогдсон лабораторитой бөгөөд үйлдвэрлэлийн явцад бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж ажилладаг.

Үйлдвэрийн лабораторийн шинжилгээнээс гадна бүтээгдэхүүний сорьцын шинжилгээг Орхон аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид сар, улирлаар тогтмол хийлгэж, мэргэжлийн байгууллагын хяналт баталгаажуулалт дор ажилладаг.

Мөн үйлдвэрийн орчны агаар, хөрс, бохир усны шинжилгээг Орхон аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Байгаль орчны лабораториор тогтмол хийлгэн байгаль орчны шаардлагыг ханган ажиллаж байна.

Үйлдвэрлэлийн хүчин чадал

Манай үйлдвэр дараах хүчин чадлаар үйлдвэрлэл явуулж байна.
Хоногт 150 толгой бод мал төхөөрөх
Хоногт 600 толгой бог мал төхөөрөх
1 тонн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх
10–30 тонн тураг мах бэлтгэх
8–10 тонн ястай мах хөрөөдөж савлах
3–5 тонн мах шулж ангилах
Мөн гулууз мах ангилан хадгалах 1500 тонн багтаамжтай агуулах бүхий аммиакийн хөргөлтийн системтэй хүйтэн агуулахтай.

Бүтэц, зохион байгуулалт

Компанийн үйл ажиллагаа дараах үндсэн алба нэгжүүдээр зохион байгуулагддаг.
Санхүүгийн алба
Инженер техникийн алба
Мал эмнэлэг, ариун цэврийн алба
Технологийн алба
Одоогоор манай үйлдвэр 52 үндсэн ажилтантай бөгөөд улирлын ачааллын үед 100–120 хүртэл ажилтан ажилладаг.
Манай үйлдвэр нь HALAL шаардлагад нийцсэн мал төхөөрөх үйл ажиллагааг хэрэгжүүлдэг бөгөөд HALAL аргаар мал төхөөрөх мэргэшсэн 3 ажилтан ажиллаж байна.

Шагнал, урамшуулал

Манай хамт олон үйл ажиллагааны үр дүнгээр дараах шагнал, өргөмжлөлүүдийг хүртэж байсан.
2013 он – “Хэрэглэгчийн найдвартай түнш байгууллага”
2013 он – “Шилдэг шимтгэл төлөгч байгууллага”
2015 он – “Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн”
2016 он – “Орхон аймгийн шилдэг 40 аж ахуйн нэгж”
2016 он – “Хүнсний брэнд бүтээгдэхүүн”
2017 он – Орон нутгийн шилдэг байгууллага “Цагаан арслан” цом
2021 он – “Хэрэглэгчийг хаанд өргөмжилсөн хамт олон”

Стандарт, баталгаажуулалт

Манай компани үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа олон улсын болон үндэсний стандартуудыг нэвтрүүлэн ажиллаж байна.
ISO 9001:2015 – Чанарын менежментийн тогтолцоо
ISO 22000:2018 / MNS ISO 22000:2019 – Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо
HACCP – Аюулын дүн шинжилгээ, хяналтын тогтолцоо
HALAL стандарт – шаардлагад нийцсэн мал төхөөрөх, мах боловсруулах тогтолцоо
Эдгээр стандартуудыг хэрэгжүүлснээр манай үйлдвэр үйлдвэрлэлийн бүх шатанд чанар, хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.